СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ БА НОГООН БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛД БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхий нийтээр байгалийн баялгийг үр ашигтай, хаягдал багатайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж анхнаас нь "дахин хэрэглэгдэхүйц" бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, улмаар хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн шинэ загварыг дэлхий нийтээр зорьж байна.
Уг эдийн засгийн загварыг Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалга, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Тойрог эдийн засаг (ТЭЗ) ба ногоон бизнесийн чиглэлд БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ чадавхжуулах” зөвлөх үйлчилгээг IRIM, ТоС Холбоо, Хөгжлийн шийдэл ТББ хамтарсан төслийн баг 2022 оны 11 сараас 2024 оны 05 сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.
Дараах 3 бүрэлдэхүүн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
• НЭГДҮГЭЭРТ, тойрог эдийн засгийг дэмжсэн бодлогын орчин, хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, тойрог эдийн засгийг нэвтрүүлэх боломж, хүндрэл бэрхшээлийн талаар цогц үнэлгээ хийх
• ХОЁРДУГААРТ, судалгааны үр дүнд үндэслэн зорилтот салбарын БЖДБЭ-ийн тойрог эдийн засгийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, чадав бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
• ГУРАВДУГААРТ, чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн үр дүнд суурилан үндэсний болон олон улсын түвшинд бий болсон үр дүнгийн талаарх мэдээлэл түгээх, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах юм.
Нийт 19 сарын хугацаанд хэрэгжүүлэх уг зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагаа, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй, аргачлалыг төслийн гол оролцогч талуудад танилцуулах, санал авах зорилготой төслийн нээлтийн семинар боллоо.
 
 
 

Аялал жуулчлалын салбар хөнгөлөлттэй зээлд хамрагдана

  
•Монгол Улсын Засгийн газрын 11 сарын 30-ний өдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарт 55 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгох шийдвэр гарлаа.
 •Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр шийдвэрлэх ба банкны зээлийн нийт хүүгийн 7%-ийг Засгийн газар 2 жилийн хугацаанд төлөхөөр боллоо.
 

Аялал жуулчлал эдийн засгийг аварна

Аялал жуулчлал эдийн засгийг аварна

Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэх статистик бий.

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо ч гаргасан.

Тиймээс салбарынхан ирэх жилүүдэд аялал жуулчлал сэргэнэ гэсэн итгэл найдвар тээж буй. Учир нь Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 оноос хэрэгжүүлж эхлэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм.

"Монголд 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээж авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон. Цар тахлын дараа нэгдсэн статистик гараагүй байна. Бид 2019 онд ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Ерөнхий сайдын санаачлагаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор цаашид үүнийг 30 хувьд хүргэх зорилтыг тавьж байна" гэдгийг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэв.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр гадаадын жуулчдад хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах. Хоёрдугаарт, Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага гэдэг мессежийг гадаадын жуулчдад өгөх аж.

Мөн тусгай зөвшөөрөлтэй тур оператор аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялуулна.

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийх ажээ.

Монголд Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, бодит хөрөнгө оруулалт босч, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна. Тэр хүмүүст 30 жил өөр юм ярихгүй. Харин 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ гэсэн нөхцөлтэй, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах талаар Х.Нямбаатар сайд онцлов.

Covid-19-өөс өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй жуулчин, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг байсан гэх статистик бий.

Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд таван арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Үүнд:

  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  • Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгоод байна. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ.
Энэхүү хуулийн төслийн хүрээнд:
Нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно.
Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.
Гуравдугаарт, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна.

 

Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр / MONGWBL / төсөл

“МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЖ, ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” (MONGWBL) ТӨСӨЛ

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Erasmus+MONGWBL төсөл нь их дээд сургуулиудын дадлагын өнөөгийн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй дагалдан сургалт, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2024 он хүртэл үргэлжилнэ. 

Дээд боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, шинэчлэлийн бодлого нь дээд боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх, Сургалт–Судалгаа–Үйлдвэрлэлийн тогтолцоог цогцоор нь хөгжүүлэхэд бүхэлдээ чиглэж байна.

MONGWBL төслийг хэрэгжүүлснээр Дээд боловсролын тогтолцоо дахь одоогийн дадлагын зохион байгуулалт, бодлого зохион байгуулалтын шинэчилж, дадлагын уян хатан загварын механизм, арга хэрэгслийг бий болгох, Их сургууль–Аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааг дэмжих бодлого, зохицуулалтыг шинэчлэх, Европын зарим их сургуулиудын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаараа ихээхэн ач холбогдолтой.

Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж, Европын холбооноос Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол улсаас БШУЯ, ОТИС, СЭЗИС, ХААИС, Дорнод ИС, СУИС болон ажил олгогчдоос Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: mongwbl.mn

ЦУОШГ: Арванхоёрдугаар сард төвийн ихэнх аймгаар цас ихтэй, хүйтэн байна

Арванхоёрдугаар  сарын Монгол орны хур тунадастай өдрийн тоог 1980-2020 оны хооронд дундчилж зураг 1-д үзүүлэв. Зураг 1–ээс харахад зонхилох хур тунадас нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-8, Увс нуурын болон Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, Дорнод Монголын тал орчмоор 3-12 өдөр ордог байна.

Зураг 1. 1980-2020 оны 12 дугаар сарын                         Зураг 2. 1980 – 2020 оны 12 дугаар сарын хур

дундаж хур тунадастай өдрийн тоо                             тунадастай өдрийн тоон өөрчлөлт

1980–2020 оны 12 дугаар сарын хур тунадастай өдрийн тооны өөрчлөлтөөс зөвхөн статистик үнэмшилтэй станцуудын 10 жил тутамд дахь утгуудыг зураг 2–т үзүүлэв. Зургаас харахад тунадастай өдрийн тоон өөрчлөлт нутгийн хойд хагаст зонхилон ажиглагдсан ба хур тунадастай өдрийн тоо 1980–2020 оны хооронд ихэнх станцуудад өсөлттэй байв.

Уур амьсгалын тойм

Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24...-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -8...-16°C, бусад нутгаар -16...-24°C хүйтэн байдаг (Зурaг 3).

Зураг 3. 12–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна (Зурaг 4).

Зураг 4. 12–р сарын агаарын температурын олон жилийн явц 

 [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн] 

Сарын нийлбэр хур тунадас Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2–6 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог (Зурaг 5).

Зураг 5. 12–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]. 

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1985, 1997-1999, 2005-2007, 2017, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Харин 1986, 1996, 2000–2002, 2008–2010, 2012 онууд харьцангуй ахиу хур тунадастай байсан байна (Зурaг 6).

Зураг 6. 12–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц 

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх боловч Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 7), хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед түр зуур 16–18 м/с хүрч, цасан шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн (Зураг 7), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7), хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг7), хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 12)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас хүйтэн, харин нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зураг 7. 2022 оны 12р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0

[Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Зураг 8. 2022 оны 12–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

Зураг 9. Баруун аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, 

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ] 

Зураг 10. Төвийн аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, 

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ] 

Зураг 11. Зүүн аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, 

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ] 

Зураг 12. Говийн аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, 

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ] 

ЗӨВЛӨМЖ

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас бага, төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгийн хувьд ОЖД–аас бага цас орох төлөвтэй байгаа боловч агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа нь шөнөдөө илүү хүйтэн хонох магадлал өндөр байна, харин төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд өвөлжилтийн бэлтгэл байдалдаа онцгойлон анхаарна уу.

Эх сурвалж: Zarig.mn

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр  төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо.
Энэ  оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд  ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр “Улс орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км  төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан  бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэдгийг онцоллоо.


Мөн Ерөнхий сайд өнөөдөр монголчууд бид ажил эхлүүлж,  богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад нотлон харуулж чадлаа. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ  гэдгийг тэмдэглээд,  бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуй нэгжүүд, инженер техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, оюутан залуучууд, нутгийн иргэдэд талархал илэрхийллээ.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.  Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.
Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.
Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараа төмөр замын хилийн холбох хэсэг болон ачаа тээврийн терминалын ажилтай танилцлаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн нарийн царигийн гарцтай  болсноороо онцлог юм. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломжтой болжээ.
Тус  төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Тус бүтээн байгуулалтыг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэл хийж  гүйцэтгэжээ.

Байгалийн түүхийн музейн үзүүллэгийн танхимын нээлтэд урьж байна

Байгалийн түүхийн музейн байрны ашиглагдаагүй талбайг ашиглалтад оруулах, сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг үзүүллэгт гарган байнгын үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй он цаг, ангилалзүйн дарааллаар шинэчлэн болон шинээр дэглэж, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн олон нийтэд хүртээмжтэй, танин мэдэхүйн орчин бий болгохоор ажиллаж “Ертөнцийн үүсэл”, “Амьдралын үүсэл хөгжил”, “Монгол орны геологи, газарзүй”, “Биологийн төрөл зүйл” гэсэн нийт 10 танхимыг шинэчлэн дэглэж олон нийтэд хүргэхэд бэлэн боллоо.

Хаана: Байгалийн түүхийн музей
Хэзээ: 11/26-нд 11:00-13:10 цагийн хооронд

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ