мэдээ

БНХАУ-ын Ухань хотоос гарвалтай дэлхийн бараг дийлэнх өндөр хөгжилтэй улс орнуудыг хамарсан COVID-19 тахал (42 оронд 82,164 халдвар, 2800 нас баралт, 33129 эдгэрсэн, 2020.02.27 ДЭМБ) нь хүмүүсийн эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүй, эдийн засаг, байгаль орчин ( https://www.carbonbrief.org/analysis-coronavirus-has-tempor…) гээд олон салбарт хүчтэйгээр нөлөөлж, дэлхий нийт тэр чигээрээ нэн болгоомжтой сэрэмжилсэн байдалд байгааг та бүхэн мэднэ. Тэр тусмаа энэ тахалд хамгийн их нэрвэгдэж буй салбар бол аялал жуулчлалын үйлчилгээний салбар билээ. 2003 оны SARS-ын үеэс эдүгээ Хятадын эдийн засаг хэдийн 5 дахин томорч, жуулчдын тоогоор 38 сая жуулчин авдаг байсан бол одоо 142 сая-г, гадаад орнууд руу 17 сая жуулчин илгээж байсан бол одоо 134 сая аялал, дотооддоо 5.5 тэрбум аялал жилд хийдэг айл болсон юм. Тэр хирээрээ, энэ бүх далайцаараа олон улсын аялал жуулчлалын салбарт, аяллын үйлчилгээний байгууллагуудад шууд нөлөөлдөг нь бодит цохилт болж, дээр нь сүүлийн өдрүүдэд БНСУ, Япон, Итали, Иран зэрэгт нэн эрчимтэйгээр энэ халдвар дамжин тархсаар үнэндээ даян дэлхийн ДНБ-ийн 10,4%, ажил эрхлэлтийн 10%-г бүрдүүлдэг аялал жуулчлал хэмээх том “машины” дугуйг сааруулан, бараг царцаахад хүргэжээ. Нэг хотын, дараа нь нэг улсын, нэг бүс нутгийн гэгдэж байсан халдвар хэдхэн хоногийн хугацаанд дэлхий нийтийн аюулын харанга болж хувирлаа.
Монгол Улсын Засгийн газар, УОК, ЭМЯ, Нийслэлийн онцгой комисс, МИАТ ХК гамшгийн үед хариуцлагатай сайн ажиллаж одоогоор манай улс улаан бүртгэлд ороогүй яваа авч аялал жуулчлал, үйлчилгээний салбарт өнөөдөр хүртлэх хийгээд цаашид гарах хохирол бэрхшээлийг бүрэн тооцоход хүнд, хэрхэхийг хэлэхэд амаргүй байна. Одоогоор Дэлхийн аялал жуулчлалын байгуулага хүртэл ямар нэг тодорхой бодлого, тооцоолол хийгээгүй байна. Монголын Аялал Жуулчлалын Холбоо салбарын мэргэжлийн дээвэр байгууллагыг төлөөлж, мөн хувь судлаачийн хувиар миний бие “Аялал жуулчлал ба Коронавирусын нөлөөлөл” талаар дараах үндсэн санаануудыг та бүхэндээ санал зөвлөмж болгон хүргүүлж байна. Үүнд:
1. Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн улирал 5-9 сард үргэлжилдэг хэдий ч 3 ба 4 сар бол Монголд ирэх жуулчдын эцсийн шийдэл (аялах, цуцлах эсэх)-ээ хийдэг үндсэн урьдач улирал тул Монгол улсын засгийн газраас хөл хорио тогтоосон энэ үеийн мэдээ мэдээллийг маш болгоомжтой явуулах, албан мэдээлэл ашиглах, урьдчилан сэргийлэх, зуны ид аяллын улирлыг хамгаалж авч үлдэх үүднээс өнөөдөр хамгаалалтын хөл хорио тогтоосон болохыг анхаарах
2. Одоогийн байдлаар манай салбарын үйлчилгээний байгууллагуудын (буудал, бааз, оператор, бусад үйлчилгээ) орлогын боломжит алдагдал төлөвлөснөөс дунджаар 15-20%, үүнээс хамгийн хүнд нь МИАТ зэрэг агаарын тээврийн компаниуд хамгийн бага нь онлайн үйлчилгээтэй тур агентууд байна.
3. WTTC мэдээлж байгаагаар SARS-н үеийн хүндрэлийн дараа бараг 12-20 орчим сарын дараа аялал жуулчлалын салбар сэргэлт авч байна гэсэн дүгнэлт хийжээ. 3 сарыг дуустал хөл хорио тогтоосон нь бидэнд 4 ба 5 сар энэ зуны аяллын урьдач стратеги сарууд болж байна. Энэ зуны аяллыг хийх гадны жуулчдын шийдвэр хараахан тодорхой болоогүй ч бидний тооцоолол ёсоор энэхүү тахал 4 сар хүртэл үргэлжилбэл Наадам хүртэлх гол групп аяллуудын дийлэнх цуцлагдах магадлалтай байна. Ер нь дунджаар аялал цуцлалт одоогоор 28-30%-тай байна.
4. Хэрэв Монгол Улс, коронавирус өвчний халдвар аваагүй орон болж чадвал эцэст нь бөөн жуулчин манайд өөрөө ирнэ хэмээх нь мэргэжлийн бус дүгнэлт гэдгийг анхаарч, маркетинг ба бүтээгдэхүүн, үйлчилгээний бэлтгэл, үйл ажиллагаагаа чамбайруулах.
5. “Mongolia: Nomadic by Nature” хэмээх уриа үгийн “Nomadic” хэмээх утгыг “бүдүүлэг, иргэншилгүй, варварчууд” хэмээхээр ойлгодог, контекстийг өөрчлөн засч “органик, натур, цэвэр” хэмээх агуулгыг хөгжүүлж энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий маркетингийг хөгжүүлэх,
6. Энэхүү тахалын үүсэл, гарвалын талаарх мэдээлэлээс үүдэн цаашид жуулчид, хэрэглэгчид улам хэрсүү, хариуцлагатай болж буйг онцгойлон анхаарч аяллын үеэрх үйлчилгээний аюулгүй байдлын талаарх шалгуур стандартыг улам нарийсгаж хоол ундааны, сав баглаа боодлын, хүнсний хадгалалтын стандарт болон төрөл бүрийн эвент, цугларалтын үеэрх эрүүл ахуй, халдваргүйжилтийн норм, хэм хэмжээг байгууллагадаа шинэчлэн хэвшүүлэх,
7. Ангийн мах, тарваганы мах, боодог, амьтны тос гэх мэт амьтаны гарвалт хүнд халдаж болзошгүй, хориотой хүнсийг аяллын үеэр хэрэглэхийг хатуу хориглох, тахал боом гэхчилэн элдэв халдварт вирус өвчний голомттой, хориотой бүс нутгаар аялах үеийн нөхцөл, дүрэм журмыг компани дээрээ бий болгож хөтөч тайлбарлагч, тогооч, жолооч нарын гэрээнд тусгах, нарийвчилсан сургалт, дүрмийг бий болгох,
8. Компаний хариуцлагын даатгал, аяллын гэрээ, аяллын үеийн даатгалуудыг заавал хийж, SOS зэрэг байгуулагуудтай хамтран ажиллах,
9. Бэлэн мөнгөнөөс халдвар тархах элдэв эрсдлийг тооцож, картаар тооцоо хийх системийг хөдөө орон нутгийн бааз үйлчилгээний газруудад нэвтрүүлэх,
10. Дэлхийн гол гол хэвлэл мэдээлэлүүдэд Монгол улсын нөхцөл, аялал жуулчлалын талаарх мэдээллийг албан ёсоор тарааж хүргэдэг медиа агент, түнш байгууллагыг тогтоох, контентийг нэг шугамад оруулах

Цаашид тахлын үед аялал жуулчлалын салбарын ажиллах менежментийн систем, мэдээллийн дата бий болгож ажиллах болно. Аливаа бэрхшээл, сорилт нь хүндрэл үүсгэхийн хамт боломжийг, дахин шинээр эхлэх бололцоог олгодог болохыг анхаарч өөдрөг сэтгэлтэй, оновчтой бизнес төлөвлөлт боловсруулж ажиллах нь зүйтэй. Түүнчлэн урьд урьдахаас илүүтэй бид бие биесээ дэмжин, хамтран ажиллах явдал ийм үеийн үндсэн түлхүүр юм хэмээн та бүхэндээ уриалж, амжилт дээдийг хүсэн ерөөе!

Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org