СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг олон нийтийг байгалийн гамшгаас хамгаалахад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлнэ

2022 оны 11-р сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот - АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицоход онцгой анхаарал хандуулах замаар Монголын ард иргэдийг байгалийн гамшигт бэлэн байх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад туслах зорилго бүхий гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх, 7.2 тэрбум төгрөгийн (2.1 сая ам. доллар) санхүүжилттэй төслийг эхлүүлж байна.

USAID болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэх “Уур амьсгалд тэсвэртэй орон нутаг” төсөл нь Монгол улсын хот, хөдөөгийн ард иргэдийг цаг агаарын эрс тэс үзэгдэл, байгалийн гамшиг, малын өвчний дэгдэлтийн үед аюулгүй байх, амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх юм.

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нээлтийн үеэр “Монгол бол байгалийн гамшигт өртөмтгий орон бөгөөд харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлт эдгээр үзэгдлийн давтамж, ноцтой байдлыг нэмэгдүүлж байна” гээд, “Энэхүү шинэ төсөл нь Монголын ард иргэдийг байгалийн гамшигт бэлэн байх, хариу арга хэмжээ авахад нь туслах зорилготой ба тус агентлагаас амжилттай хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд дээр тулгуурласан төсөл юм” хэмээн нэмж хэлжээ.

АНУ-ын ОУХА нь гэр бүл, эд хөрөнгө, мал сүргийг гамшгаас хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллана. Төслийн хүрээнд газар хөдлөлт, ган, зуд, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг ослын үед ард иргэдийн бэлэн байдлын бэлтгэл, хариу арга хэмжээ авахад дэмжих зорилгоор яаралтай тусламж, анхны тусламж, гамшгийн төлөвлөлтийн талаар сургалтууд зохион байгуулна. Мөн энэ төслийн хүрээнд хээрийн мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар малчидтай хамтран ажиллах юм.

АНу-ын ОУХА-аас орон нутгийн удирдлагуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрүүдийг 2010 оноос хойш хэрэгжүүлж байгаа ба нийт 30 гаруй тэрбум төгрөг (ойролцоогоор 9 сая ам. доллар)-ийн санхүүжилт олгоод байна.

АНУ-ын ОУХА нь хүний амь насыг аврах, ядуурлыг бууруулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, улс орнуудад тусламж үзүүлэхийн сацуу хөгжил дэвшилд ахиц гаргахад нь туслах олон улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн хүчин чармайлтыг тэргүүлэгч байгууллага юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монголд ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх, зах зээлд илүү тулгуурласан, төрөлжсөн эдийн засгийг дэмжин ажиллаж байна. ОУХА болон түүний хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ