СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЕГИПЕТ УЛС МОНГОЛ УЛСТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЖ БАЙНА

Египет, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг батжуулах, Монголын жуулчдыг Египет улс руу зочлох урсгалыг нэмэгдүүлэх болон хоёр улсын аялал жуулчлалын хувийн салбарын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэлгэрүүлэх боломжийг судлах онлайн хурал зохион байгуулахаар боллоо.

Египет, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор тус улсын Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн дэд сайд Гада Шалаби Монгол Улсаас Каир хотноо суугаа Элчин сайд Булганы Энхтүвшинтэй уулзлаа. Тус яамны Аббасия дахь төв байранд болсон уулзалтаар аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголоос Египетийг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.

Уулзалтын үеэр дэд сайд Шалаби, Элчин сайд Энхтүвшинг халуун дотноор угтан авч, Египет, Монгол хоёр улс олон жилийн түүхтэй, сайн харилцаатай байдгийг онцлов. Тэрээр цаашдаа ирж буй аялал жуулчлалыг дэмжих яамны стратеги болон аялал жуулчлалын шинэ зах зээлийг судлах санаачилгын талаар ярилцав. Шалаби аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Энхтүвшин энэ жил Египет, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд, Египетийн аялал жуулчлалын салбарын арвин туршлагаас Монголын тал суралцах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд хоёр тал Египетийн хувийн аялал жуулчлалын салбар болон Монголын түншүүдийн хооронд виртуал хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Тус хурал нь хоёр талын аялал жуулчлалын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, санал солилцохыг дэмжих зорилготой юм. Египет, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр улсын хувьд тун бололцоотой бөгөөд энэ нь жуулчдын тоо, орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй соёлын солилцоог идэвхжүүлж, дипломат харилцааг бэхжүүлэх болно.

Египет улс аялал жуулчлалын тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа тул засгийн газар аялал жуулчлалын зах зээлээ төрөлжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татахыг эрмэлзсээр байна. Монгол Улстай хамтран ажиллаж байгаа нь Египетийн аялал жуулчлалыг Зүүн Азид хөгжүүлэх шинэ гарц нээж өгч байгаагаараа энэ чиглэлд чухал алхам болж байна.

ХЯТАДЫН ЦАЙНЫ СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньру: “Ази, Европыг холбосон эртний Их Цайны Зам нь Хятад Монголын ард түмний найрсаг харилцааны олон жилийн түүхийг тэмдэглэж байна” гэж тэмдэглэн хэлсэн байна.

Шаньши мужийн цайны соёл, уран зураг, аялал жуулчлалын газруудыг үзэсгэлэнд дэлгэн харуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр цайны амталгаа, цайны ёслол, Хятадын уламжлалт цай чанах үйл болон бусад зүйлсийг үзүүлэх юм.

 

Дөрвөн өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Соёл, Аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зохион байгуулж буй “Цай эв эе, Яажигийн Соёлын үзэсгэлэн” цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.

ТАВ, ЗУРГААДУГААР САРД ЕВРОП РУУ АЯЛАГЧДЫН АНХААРАЛД

Европ даяар бага цалин болон хөдөлмөрийн нөхцөл тааруу байгааг эсэргүүцсэн ажил хаялт 5, 6-р саруудад болох гэж байна гэж Евроньюс агентлаг мэдээллээ. Тиймээс Европ руу дээрх хугацаанд аялал хийхээр төлөвлөж байгаа жуулчдад болон аялалын компаниудад зориулж доорх мэдээллийг хүргэж байна. 

ИТАЛИ: Үндэсний хэмжээнд нийтийн тээврийн ажил хаялт

 5-р сарын 26-ны баасан гарагт Итали улс даяар 24 цагийн хугацаатай бүх нийтийн ажил хаялт болохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд автобус, гал тэрэгт, трамвай, метро зэрэг нийтийн тээврийн үйл ажиллагаанд саатал гарах өндөр магадлалтай. Орон нутгийн болон бүс нутаг хоорондын төмөр замын үйлчилгээ ч мөн дээрх ажил хаялтад оролцох эсэх нь тодорхойгүй байна.

ФРАНЦ: Тэтгэвэрийн эсрэг жагсаал үргэлжилж байна

Франц улс даяар тэтгэвэрийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийн эсрэг үйлдвэрчний эвлэлүүд тасралтгүй тэмцсээр байна. Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын санал хураалтгүйгээр өөрчлөлтийг хийхээр шийдсэний дараа улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Парис хотод эмх замбараагүй байдал үргэлжилж жагсагчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж байна.
6-р сарын 8-нд болох Францын парламентын Үндэсний ассамблейн чуулганы өмнө 6-р сарын 6-ны өдрийг үйлдвэрчний эвлэлүүд орон даяар эсэргүүцлийн шинэ өдөр болгон зарлалаа. Ажил хаялт, эмх замбараагүйн түвшин Францын хотуудад өөр өөр байгаа ч Парист нислэг, галт тэрэг цуцлагдах тохиолдлууд гарч, аялал жуулчлалын газрууд эрт хаалгаа хааж байна.

БЕЛЬГИ: Брюссель хотод нийтийн тээврийн үйлчилгээ тасалдаж магадгүй

Бельгийн гурван томоохон үйлдвэрчний эвлэл энэ сарын 22-ны даваа гарагт ажил хаяхыг уриалсан. Тиймээс Брюсселийн тээврийн гол оператор STIB-MIVB метро, трамвай, автобусны хөдөлгөөнд саад учирхыг анхааруулж байна.

 

ИХ БРИТАНИ: Хитроу хотод ажил хаялт үргэлжилж байна

Хитроу дахь хамгаалалтын ажилтнууд 5-р сарын 25-ны Пүрэв гарагаас 5-р сарын 26-ны Баасан гараг хүртэл ажил хаялт зарлаж байгаа нь зөвхөн British Airways компанийн үйл ажиллагаа явуулдаг Терминал 5-д нөлөөлж байна. Дээрх хугацаанд нисэх онгоцны буудал ачаалал ихтэй байх төлөвтэй. Тиймээс нисэх онгоцны буудлын захиргаанаас зорчигчдыг аялахаасаа өмнө нислэгийнхээ статусыг шалгахыг зөвлөжээ. Зорчигчдыг ойрын нислэгээс хоёр цагийн өмнө, холын нислэгээс гурван цагийн өмнө ирэхийг анхааруулсан.

Шотланд: Глазгогийн нисэх онгоцны буудалд саатал гарч болзошгүй

Глазгогийн нисэх онгоцны буудалд хамгаалалтын ажилтнууд ажил хаях тухай яриа гарсан ч ажил хаялтын товыг зарлаагүй байна.

ИСПАНИ: Агаарын тээврийн болон нисэх онгоцны буудлын ажил хаялт

Испанийн агаарын тээврийн нисгэгчдийн холбоо (SEPLA) нь Air Europa авиа компанийн нисгэгчдийг  ажил хаях давалгаанд уриалж байна. Тэд 5-р сарын 22-оос 6-р сарын 1-2 хүртэл ажил хаях юм. Мөн SEPLA-г төлөөлж буй бусад авиа компани буюу Ryanair, Easyjet зэрэг Испанийн бусад агаарын тээврийн компаниуд энэ зун ажил хаялт хийх төлөвтэй байна. 

УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ХИЙГДЭХЭЭР БОЛСОН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийв.

Талууд хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, Монгол, Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглэж, чехийн талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх саналыг тавилаа.

Монголд тахь эргэн нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг сайд Б.Батцэцэг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-санаачилгыг Европын Холбооны Ойн түншлэл хөтөлбөртэй уялдуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талаар болон олон талт механизмуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн хоёр орны харилцаа боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр тэлж байгааг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг чехийн их, дээд сургуулиудад сургахаар болсон, хоёр улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байгаа зэргийг сайшаав.

Түүнчлэн чех иргэд, жуулчид Монгол Улсад визгүй зорчих болсныг талууд мөн сайшааж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийгдэхээр болсон нь хоёр орны иргэд, баялаг бүтээгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, Монгол-Чехийн бизнесийн форум зэрэг арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар тохиролцов.

Мөн ГХЯ-д хоорондын консулын зөвлөлдөх уулзалтыг Прага хотноо зохион байгуулахаар санал нэгдлээ.

Эх сурвалж: Гадаад Хэргийн Яам

УУЛЫН ЭКОСИСТЕМИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОМЖИЙН ТАЙЛАН

Уулын аялал жуулчлал нь аялал жуулчлалын салбарын шинэ хандлага болж байгаа хэдий ч үүний хэмжээ, нөлөөллийн талаарх мэдээлэл хомс байдаг юм. Харин НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллага болон, Уулын түншлэлийн байгууллага Уулын Аялал Жуулчлалын Экосистемийн талаар шинэ судалгаа хийж гүйцэтгэжээ.

Дэлхий даяар аялал жуулчлалын 9-16%-ийг Уулын аялал жуулчлал эзэлдэг бөгөөд 2019 оны байдлаар 195-375 сая жуулчин ууланд аялжээ. Гэсэн хэдий ч уулын аялал жуулчлалтай холбоотой мэдээлэл хомс байдаг нь эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд бэрх болгодог. Энэхүү шинэ тайлан нь дээрх мэдээллийг зөрүүг арилгах зорилготой.

Уулын аялал жуулчлалын тогтвортой, хүртээмжтэй байдал

Дэлхийн нийт хүн амын 1.1 тэрбум нь ууланд амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь дэлхийн хамгийн ядуу, тусгаарлагдсан хүмүүсийн тоонд багтдаг. Үүний зэрэгцээ уулс нь явган аялал, адал явдалт аялал, авиралт, өвлийн спорт зэрэг гадаа талбайн үйл ажиллагаанд дурлагсдын анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Мөн уулс нь биологийн олон янзын байдал, орон нутгийн өвөрмөц соёлоороо жуулчдыг татдаг. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар (2019) хамгийн уулархаг 10 улс (далайн түвшнээс дээш дундаж өндрөөр) дэлхийн хэмжээнд нийт жуулчдын ердөө 8%-ийг л хүлээн авсан гэж Уулын аялал жуулчлалын тухай ойлголт, тоон үзүүлэлт тайланд дурджээ.

Тогтвортой менежменттэй уулын аялал жуулчлал нь нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгалийн баялаг, соёлыг хадгалахад туслах боломжтой. Мөн НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуй болон Аялал жуулчлалын байгууллагын үзэж байгаагаар ууланд аялагчдын тоог хэмжих нь салбарын чадавхийг нээх эхний чухал алхам юм. Тус байгууллагууд: “Зөв мэдээлэлтэй байснаар бид зочдын урсгалын тархалтыг сайтар хянах, зохих төлөвлөлтийг дэмжих, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх болон аялал жуулчлалын үйл ажиллагаанд үр өгөөжөө өгөх зохих бодлогыг бий болгож чадна” гэж мэдэгдсэн байна.

Санал болгох нь

Дэлхийн 46 оронд хийсэн уг судалгаанд үндэслэн дүгнэхэд; Эдийн засгийн үр өгөөжийг бий болгох, орон нутгийн иргэдэд боломж олгох, тогтвортой бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх нь уулын аялал жуучлалыг хөгжүүлэх гол сэдэл болж байна. Мөн Уулын аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил нь жуулчлалын урсгалыг түгээх, улирлын шинж чанартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, одоо байгаа жуулчдын саналыг тусгах хэрэгсэл мөн болохыг тодорхойлсон.

Энэхүү тайлангаар НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуй болон Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага түүнчлэн Уулын Түншлэлийн Байгууллагууд нь уулын аялал жуулчлалын хэмжээ, нөлөөллийн талаар илүү дэлгэрэнгүй үнэлгээ авахын тулд мэдээллийн цуглуулга, стандартчилал, хүргэлт болон төр, хувийн хэвшлийн оролцогч талуудын хамтын хүчин чармайлт чухал болохыг онцолж байна. Ингэснээр Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн илүү сайн хөгжүүлэх боломжтой болно. Мөн уулын аялал жуулчлалын нийгэм, эдийн засгийн ая холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, жижиг дунд бизнесийг дэмжих, дэд бүтцэд ногоон хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах зорилтот бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй ажиллахыг тус тайланд уриалжээ.

Энэхүү нийтлэл нь 2022 оны Уулын Тогтвортой Хөгжлийн Олон Улсын Жил дуусахтай давхцаж байна.

МОНГОЛЫН ХОЁР НАРНЫ ХООРОНД ОЛОН УЛСЫН МАРАФОН ГҮЙЛТ

“Монголын Хоёр Нарын Хооронд” олон улсын марафон гүйлтийн 24 дэх удаагийн тэмцээн 2023 оны 8 дугаар сарын 9-нд уламжлалт ёсоор Хөсгөл нуурын баруун эрэг Тойлогт жуулчны бааз дээр зохион байгуулагдах гэж байна. Тус гүйлтийг 1999 оноос хойш Хөвсгөл Трэйвэл ХХК болон Хөвсгөлийн байгалийг хайрлан хамгаалах, өв соёлын хүндэтгэн хадгалах хүсэл эрмэлзэлтэй хэсэг жуулчид хамтран зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү хандивын гүйлтийн санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолборт Газарт тулгараад байгаа нэн чухал асуудал болох эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх, багасгах, байгаль орчинд нөлөөлөх хор уршгийн талаар сургалт зохион байгуулах, байгальд задардаг био уутыг Хөвсгөлд ирж буй  жуулчдад тарааж хуурай хог хаягдлыг түүж, хогны цэг дээр бөөгнүүлж тавихыг уриалж, тухайн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны баазуудын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд сайн дурын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага нь гүйлтийн орлого болон Хөвсгөлийн байгаль, нутгийн ард иргэдийн соёл заншилийг хүндэтгэн хамгаалах сэтгэлтэй гадаад иргэдийн хандив болох нийт 1.4 тэрбум төгрөгийг 5379 тонн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, 202244 ширхэг био хогийн уут тараах ажилд зарцуулаад байна.

Эко Дэвшилт ТББ-ын үйл ажиллагааг дэмжин 2019 оноос ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Яам, Дэлхийн Байгаль орчны сан хамтран ажиллах болсон. Эко Дэвшилт ТББ нь Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолборт Газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах зорилгоор тогтвортой хог хаягдлын менежментийг боловсруулж орон нутаг, бүс нутгийн хэмжээнд таниулан, хэрэгжүүлэхээр дараах чиглэлд төвлөрөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлжбайна.  

Үүнд:

  1. Нуурын баруун эргийн баазууд болон айл өрхүүдийн хуурай хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгуулах
  2. Хог тээвэрлэх, ангилан ялгах төв
  3. Сургалт танин мэдэхүйн төв
  4. Нийгмийн нөлөөллийн аян (Гялгар уутгүй Хөвсгөл, био хогийн уут)
  5. Өсвөрийн ногоон боловсрол (Youth green edu)
  6. Хүнсний хог, хаягдлаар бордоо боловсруулах
  7. Хандивын гүйлтийн тэмцээн

Хатгал тосгоны иргэд, аялал жуулчлалын баазууд, нуурын баруун эрэг орчмын малчин өрхүүдэд байгаль орчин хамгааллын зохистой мэдлэг, мэдээлэл олгох сургалт тасралтгүй зохион байгуулж тэдэнтэй үргэлж эргэх холбоотой байж хамтран ажиллаж байна. Мөн жуулчны баазуудад хог ангилан ялгах зориулалтын хогийн савууд байршуулж тэдний ангилсан хогийг тээвэрлэж дахивар хүлээн авдаг цэгүүдэд бэлдэж өгөх ажлыг зохион байгуулж,  хүнсний хог хаягдлаар бордоо боловсруулах төслийн туршилтыг эхлүүлээд байна.

Эко Дэвшилт ТББ энэ зунаас эхлэн жуулчны баазуудын дунд “Ногоон од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь жуулчны баазууд өдөр тутмын үйл ажиллагаандаа байгальд ээлтэй арга технологи нэвтрүүлснээр 1-5 хүртэлх “Ногоон од” зэрэглэл хүртэх юм. Ингэснээр манай Төрийн бус байгууллагаас эргээд тэдний үйл ажиллагааг олон нийтэд эергээр сурталчлан таниулж, ирж буй амрагч аялагчдыг байгальд ээлтэй аялах, мөн эдгээр баазуудыг дэмжиж ажиллахыг уриалах зорилготой юм.

 Та бүхэн тус байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах веб хуудсаар зочлоорой.

https://ecodevshilt.com/

https://ms2s.dk/

Холбоо барих:  Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, ЭкоДэвшилт ТББ-н сургалт танин мэдэхүйн төв

99552947, 88880347

ШАНХАЙН ОЛОН УЛСЫН РЕСОРТИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГО 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААС ДАВЖЭЭ

Шанхайн Диснейлэнд байрладаг олон улсын ресорт 2016 онд нээгдсэнээс хойш 61.5 тэрбум юань буюу ойролцоогоор 8.9 тэрбум ам.долларын аялал жуулчлалын орлого олжээ.

Өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус ресорт 113 сая гаруй зочин, жуулчин хүлээж авсан бөгөөд энэ оны эхний улиралд 6.3 сая жуулчин авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 81% нэмэгдэж, 4 тэрбум гаруй юанийн орлого олсон байна.  

Шанхайн олон улсын ресортод ирэх жуулчдын тоо 2023 онд 20 саяд хүрэх төлөвтэй байна гэж тус газрын захиргаанаас мэдээлжээ.

Тус ресорт энэ жил лаванда цэцгийн баяр, кино наадам зэрэг 30 гаруй томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн 2019 оны 12-р сард үндсэн барилгын ажил нь эхэлсэн Zootopia сэдэвт амралт, тоглоомын төв тун удахгүй ашиглалтад орох төлөвтэй байна.

ИХ БУРХАН ХАЛДУН УУЛЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Их Бурхан Халдун уул болон түүний ойр орчмын ариун дагшин байгалийн үзэсгэлэнг “Google Art and Culture” платформ дээр дэлгэн үзүүлж байна.

Бурхан Халдун уулыг Чингис хааны төрж, оршуулсан газар гэж үздэг. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу Монгол туургатны ариун дагшин тахилгат газар нутгийг олон нийтэд сурталчлах зорилготой гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын яамны харьяа Бурхан Халдун уулыг хамгаалах газар санаачлан бүтээжээ.

Үзэсгэлэнг үзэх

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ