Аялал жуулчлал эдийн засгийг аварна
Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэх статистик бий.
Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо ч гаргасан.
Тиймээс салбарынхан ирэх жилүүдэд аялал жуулчлал сэргэнэ гэсэн итгэл найдвар тээж буй. Учир нь Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 оноос хэрэгжүүлж эхлэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм.
"Монголд 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээж авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон. Цар тахлын дараа нэгдсэн статистик гараагүй байна. Бид 2019 онд ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Ерөнхий сайдын санаачлагаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор цаашид үүнийг 30 хувьд хүргэх зорилтыг тавьж байна" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэв.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр гадаадын жуулчдад хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах. Хоёрдугаарт, Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага гэдэг мессежийг гадаадын жуулчдад өгөх аж.
Мөн тусгай зөвшөөрөлтэй тур оператор аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялуулна.
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийх ажээ.
Монголд Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, бодит хөрөнгө оруулалт босч, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна. Тэр хүмүүст 30 жил өөр юм ярихгүй. Харин 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ гэсэн нөхцөлтэй, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах талаар Х.Нямбаатар сайд онцлов.
Covid-19-өөс өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй жуулчин, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг байсан гэх статистик бий.
Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд таван арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Үүнд:
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
- 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
- Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
- Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.