Олон улсын аялал жуулчлал эрчимтэй сэргэж байна
МАДРИД. /DW/. Дэлхийн жуулчдын тоо 2022 онд өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдэж, Ойрхи Дорнод, Европт огцом өсөлт ажиглагдсан талаар НҮБ-ын аялалын жуулчлалын төрөлжсөн агентлагийн шинэ тайланд тэмдэглэжээ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2022 онд дэлхийн олон улс орон коронавирусний халдварын тархалттай холбогдуулан тогтоогоод байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдээ сулруулсантай холбоотойгоор 900 сая гаруй жуулчин хилийн чанадад аялсан байна.
Энэ нь цар тахлын өмнөх үеийн 63 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2019 онд 1.5 тэрбум орчим хүн олон улсад аялжээ. Харин 2021 онд ойролцоогоор 455 сая хүн аялж жуулчилсан гэж тайланд дурджээ.
Цар тахал дэгдэхээс өмнө аялал жуулчлалын салбар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байсан юм. 2019 онд аялал жуулчлалын салбар эдийн засагт 3.5 их наяд ам.долларын хувь нэмэр оруулж байсан бол цар тахал олон сая ажлын байрыг эрсдэлд оруулжээ.
Ойрхи Дорнод, Европт огцом өсөлт ажиглагджээ
Ойрхи Дорнодын орнуудаар өнгөрсөн онд аялсан жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн 83 хувьтай тэнцэх түвшинд хүрч өсжээ. Түүнчлэн өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 31 оронд нь халдвартай холбоотой зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоогүй байсан Европт дээрх үзүүлэлт 80 хувьд хүрч өссөн байна.
Мөн Африк, Америкаар аялсан жуулчдын тоо цар тахлын өмнөх түвшний 65 хувьд хүрсэн бол Ази, Номхон далайн орнуудад харьцангуй сул өсөлт ажиглагджээ. Тодруулбал, Ази, Номхон далайн бүсийн хэд хэдэн оронд өдийг хүртэл хязгаарлалтын арга хэмжээнүүдийг мөрдсөөр байгаатай холбоотойгоор өнгөрсөн онд гадаадын жуулчдынх нь тоо цар тахлын өмнөх үеийн ердөө 23 хувьд нь л хүрсэн байна.
Аялал жуулчлалын салбар сэргэж байна
“Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг олон сорилт бэрхшээл тулгарч байгаа ч аялал жуулчлалын салбар энэ онд эрчимтэй сэргэнэ хэмээн урьдчилан төсөөлж байна” гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили мэдэгджээ.
Испанийн нийслэл Мадрид хотноо төвтэй тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, аялал жуулчлалын салбарын үзүүлэлтүүд энэ эрчээрээ өссөөр байвал 2023 онд ерөнхийдөө бүрэн сэргэж, жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн 80-95 хувьд хүрч өсөх төлөвтэй байна. Гэхдээ инфляц, эдийн засгийн хямрал, Орос, Украины дайн зэрэг хүчин зүйлс нь хүмүүсийн шийдвэрт нөлөөлж болзошгүйг мөн сэрэмжлүүлжээ.
эх сурвалж: https://montsame.mn/