Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр / MONGWBL / төсөл
“МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЖ, ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” (MONGWBL) ТӨСӨЛ
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Erasmus+MONGWBL төсөл нь их дээд сургуулиудын дадлагын өнөөгийн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй дагалдан сургалт, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2024 он хүртэл үргэлжилнэ.
Дээд боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, шинэчлэлийн бодлого нь дээд боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх, Сургалт–Судалгаа–Үйлдвэрлэлийн тогтолцоог цогцоор нь хөгжүүлэхэд бүхэлдээ чиглэж байна.
MONGWBL төслийг хэрэгжүүлснээр Дээд боловсролын тогтолцоо дахь одоогийн дадлагын зохион байгуулалт, бодлого зохион байгуулалтын шинэчилж, дадлагын уян хатан загварын механизм, арга хэрэгслийг бий болгох, Их сургууль–Аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааг дэмжих бодлого, зохицуулалтыг шинэчлэх, Европын зарим их сургуулиудын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаараа ихээхэн ач холбогдолтой.
Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж, Европын холбооноос Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол улсаас БШУЯ, ОТИС, СЭЗИС, ХААИС, Дорнод ИС, СУИС болон ажил олгогчдоос Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: mongwbl.mn