СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УИХ өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа

2022 оны улсын төсөв цар тахлыг даван туулахад чиглэгдсэн бол 2023 он эдийн засгийг тогтворжуулах жил байх болно. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг 5%-д хүргэж, инфляцыг нэг оронтой тоо руу буулгана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Турк улсын Элчин сайдтай уулзахдаа аялал жуулчлалын хамтын ажиллагааг онцлов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, худалдаа, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг талууд онцлов.

2023, 2024 оныг Монголд зочлох жилээр зарласан, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг баталсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж буй. Нислэгийн тоог нэмэх, өдөр бүхэн нислэгтэй байх боломжтой. Ингэснээр хоёр улсын аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт талууд санал нэгдлээ.

Орхон, Тамирын хөндийд амралт-судалгаа-аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихээ Ерөнхий сайд илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд танилцуулаад эдгээр чиглэлээр Турк улстай харилцан ашигтай ажиллахад бэлэн байна гэлээ.Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Зафер Атеш талархал илэрхийлээд Турк, Монгол хоёр улс хэл соёлын хувьд ижил төстэй, нийтлэг үнэт зүйл олон бөгөөд энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь юм гэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухлыг тэмдэглэв. УИХ-ын даргын Турк Улсад,  тус улсын Соёл, аялал жуулчлалын сайдын манай улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд товч танилцуулаад  айлчлалаар тохирсон зүйл бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

🇲🇳 МОНГОЛ УЛС "ОЙН ТҮНШЛЭЛ"-ИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГДСЭН АЗИЙН АНХНЫ ОРОН БОЛЛОО.

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна.
✅Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
✅Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт болох юм.
✅Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.
✅Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм.
✅Ойн салбарт тогтвортой менежментийг хэрэгжүүлсэнээр мянга мянган ажлын байр бий болох боломжтой учир энэ салбарын ногоон ажил эрхлэлтэд түншлэлийн оруулах хувь нэмэр маш чухал.
✅Ойн доройтолд нөлөөлж буй асуудлыг стратегийн болон бодлогын түвшинд авч үзэж, салбар хоорондын зохицуулалт, газар эзэмшил, нөхөн сэргээлт, газрын зохисгүй ашиглалт, байгаль орчны гэмт хэрэг зэрэг асуудлыг нээлттэй, талуудын бүрэн оролцоотой, ил тод хэлэлцэн шийдвэрлэдэг дадал бий болгоход чухал хувь нэмэр оруулна.
✅Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг сааруулах чиглэлээр ойн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог шинэчлэн боловсруулж, сайн засаглал, тогтвортой менежментийг дэмжих юм.
✅Түншлэл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдал болон хөрсний үржил шимийг хамгаалах ажлыг сайжруулахад дэвшилтэт технологи, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн органик түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх, мэдлэгийн платформд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодорхойлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хурал боллоо

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Хуралд Үндэсний хороо болон Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

Энэ удаагийн хурлаар өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод тус салбарыг сурталчлах маркетингийн төлөвлөгөө, 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан уриа үгийг тодорхойлох, жуулчид хүлээн авахад Монголын авто болон төмөр зам, агаарын тээвэр, боомтуудын бэлэн байдлын боломж, шийдэл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Аялал жуулчлалын маркетингийн хөтөлбөрийг танилцуулав. Discovery, National geographic зэрэг сувгаар Монгол орныг сурталчилсан контент бэлтгэж цацах, орчин үеийн маркетингийн арга хэрэгслүүдийг түлхүү ашиглах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Монголд зочлох жилийн уриа, түлхүүр үгийг тодорхойлох танилцуулга хэлэлцүүлэг болж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын зочид буудлуудын холбоо, “Хүннү эйр” ХХК-ийн удирдлагууд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлээд орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, зам, тээвэр дэд бүтцийг сайжруулах болон НӨАТ-ын зэрэг асуудлаар саналаа хэллээ.

Оролцогчдын саналыг сонссоны дараа Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлал бол зөвхөн нэг яамны асуудал биш. Үндэсний нэгдмэл үнэт зүйлтэй холбоотой салбар хоорондын цогц асуудал. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж хөгжих учиртай. Төр, хувийн хэвшил нэгдсэн маркетинг, брэндингтэй байх нь чухал” гэлээ.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2022 онд багтааж салбарын хуулийг шинэчлэх нь зүйтэй гэлээ. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтэц, жуулчны компаниудын чанар, стандартыг дээшлүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн хуанлиг энэ сард боловсруулан олон улсад зарлах, бусад бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа.

Эх сурвалж: mongolia.gov.mn

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ: Одоо хариуцлага ярина

ОДОО ХАРИУЦЛАГА ЯРИНА

Аймаг, сумдууд сүүлийн зургаан жилийн байдлаар нийт 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ.

Сүүлийн зургаан жилийн дунджаар хуулийн хэрэгжилт 35 хувьтай, жил бүр 16-20 тэрбум төгрөг зориулалт бусаар зарцуулагдаж иржээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх уулзалт 21 аймгийн ИТХ Дарга, Засаг дарга нар, Авлигатай Тэмцэх Газар цахимаар хамтран хийлээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ

Засгийн газар энэ 7 хоногт

  • Дарханы замын нэг эгнээ, хоёр урсгалыг нээлээ.
  • Гурван улсыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орлоо.
  • ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын зөвлөлийн цахим хурал боллоо.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш ямар арга хэмжээ авав?
  • Засгийн газрын авто баазыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болголоо.

Үндэсний “Изинис Эйрвэйз” компани ачаа тээврийн Airbus агаарын хөлгөө хүлээн авлаа

Үндэсний агаарын тээврийн түүхэнд өнөөдөр нэгэн онцгой хуудас нэмж, AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зөөлөн буулаа. Дэлхийд тэргүүлэгч AIRBUS корпорацын A330-200 агаарын хөлөг нь ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой “ган жигүүртэн” юм.

AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг нь нэг удаагийн цэнэгээрээ 13.500 км туулах чадвартай, нийт 345 зорчигчийн багтаамжтай, эзлэхүүн нь 199 м3, даац нь 62.8 тонн зэрэг онцлох хүчин чадалтай юм.

Изинис Эйрвэйз компанийн засвар үйлчилгээний алба агаарын хөлгийн хүнд хэлбэрийн бүрэн засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү ололт, туршлага дээрээ үндэслэн тус компанийн инженерүүд AIRBUS A330-200 агаарын хөлгийг “АККА Technologies”-ийн стандартын дагуу зоригч тээврийн зориулалтыг өөрчлөн бүтэн карго үйл ажиллагааны агаарын хөлөг болгон хувиргана. Энэ нь хувийн хэвшлийн агаарын тээврийн компани бие даан гүйцэтгэж буй анхны тохиолдол болох юм.

AIRBUS A330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэнэ.

“Тэрбум мод” Үндэсний Хөдөлгөөний үр дүнд үр, тарьц, суулгацын нөөц дөрөв дахин нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн. Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.

Уул уурхайн компаниуд 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж бэлтгэлээ хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхэд л 1,000 тн багтаамжтай модны үр, тарьц суулгац хадгалах агуулах, үрийн чанар, биотехнологи, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төвийг ашиглалтад оруулсан.

Мөн жилд 500 м3 үржил шимт хөрс бэлтгэх төв, жилд 10 сая тарьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байна. Холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран 1,000 гаруй сургагч багш бэлтгэж, 24 орчим мянган хүнийг танхим, дадлагын сургалтад хамруулжээ.

Монгол Улсын их сургууль гэхэд л бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж, 52 оюутныг сургаж байна. Цаашид ойн чиглэлээр мэргэших сонирхолтой оюутнуудыг сонгон Бүгд Найрамдах Унгар Улсад суралцуулах юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө есөн зорилттой.

Энэ хүрээнд:

  • Үндэсний хөдөлгөөнийг удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчин бий болгох;
  • Судалгаа, шинжилгээ, хүний нөөц, ойн эрдэм шинжилгээний хүрээлэн;
  • Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуй хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах юм.
  • Түүнчлэн ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр 416 сая;
  • Цөлжилт, газрын доройтол, шороон шуургыг бууруулах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 165 сая;
  • Агро-ойн аж ахуй, жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 37 сая;
  • Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг, шанд орчмыг ойжуулах замаар усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр 154 сая;
  • Төв, суурин газрын ногоон байгууламж, өрхийн жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр 88 сая;
  • Авто зам, төмөр зам, тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээг бий болгох чиглэлээр 140 сая мод тарьж ургуулна.
  •  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нийт 680 сая мод тарьж, ургуулна. Нийслэл хот гэхэд 2030 он хүртэл 13 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3,500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 30 сая, нийт 120 орчим сая мод тарьж, ургуулна.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөх бөгөөд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгоно. Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулах юм.

Тарьсан модны тооллого, бүртгэл, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц, суулгацын нөөц, үнэ ханш, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд, аж ахуйн нэгж, санхүүжүүлэгч байгууллагуудын бүртгэл зэрэг мэдээллийг https://terbummod.mn, modlog.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ