СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАСГИЙН ГАЗАР | 2023 онд аялал жуулчлалын орлогыг 1.2 тэрбум ам.долларт хүргэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арван нэгдүгээр сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.


Ж.Ганбат: Экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжих боломжтой

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлт, экспортын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад шаардлагатай бүх талын дэмжлэг, тусалцаа үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагуудад даалгалаа.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус компани уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх хэлцэл хийж эхэлсэн зэрэг арга хэмжээ авчээ.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2022 оны аравдугаар сарын 29-ний хуралдаанаас дундын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, өдөр тутмын квотыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө батлан нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх үе шатыг оновчтой зохион байгуулах, хяналтыг сайжруулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Засгийн газраас өгсөн энэ үүргийг биелүүлэх боломжтой” гэж хэвлэлийн хурлын үеэр хэллээ.


“Засгийн газрын авто бааз”-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгов

“Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталлаа.

“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ын санхүүгийн үзүүлэлтээс харахад сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан нь тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох төрийн байгууллагад үзүүлэх авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний тарифыг хатуу тогтоосонтой холбоотой бөгөөд улсын төсвөөс цалингийн санхүүжилтэд гурван тэрбум төгрөг олгож байжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх…” гэж заасан.

“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ыг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулснаар санхүүгийн хувьд улсын төсвөөс авдаг цалингийн санхүүжилт байхгүй болж, төсөвт дарамт учруулахгүй болох бөгөөд нөгөө талдаа зах зээлийн зарчимд нийцсэн үнэ тарифаар үйлчлэх замаар орлогоо нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, улмаар тус үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилнэ гэж үзэж байна.


Аялал жуулчлалын салбарт Турк улстай хамтран ажиллана

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд олголоо. 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт эдийн засгийг солонгоруулах хамгийн эхний салбар бол аялал жуулчлал хэмээн тодорхойлсон.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин, тогтмол нислэгийн тоо нэмэгдэн, БНТУ-ын агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компани шууд нислэг үйлдсэнээр аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байна.

Монгол Улсад Турк Улсаас 2022 онд 2700 орчим жуулчин ирээд байгаа нь өмнөх жилийнхээс 53 хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлийн агаарын тээвэр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд долоо хоногийн өдөр болгон нислэгтэй байх бүрэн боломжтой. Нислэгийн тоо нэмэгдсэнээр аялал жуулчлал, үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж үзэж байна.

Хэлэлцээр байгуулснаар тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.


2023 онд аялал жуулчлалын орлогыг 1,2 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. Тус хорооны Ажлын албыг 11 орон тоотой байхаар өнөөдөр баталлаа. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, салбар хоорондын уялдааг хангахад хорооны дэргэд байнгын Ажлын алба ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан тус салбар 2020 онд 58, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь тус салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн.

Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1,2 тэрбум ам.доллар буюу 4,2 их наяд төгрөгт хүргэн ДНБ-ий 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна.

2022 оны хоёрдугаар сард Монгол Улс хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад хүргэж, жуулчдаас орох орлогыг нэг их наяд төгрөг хүргэхийг зорьж байна.
 
Товч мэдээ: Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар, Оюунхүүгийн Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус томиллоо    

Эх сурвалж: Zindaa.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгууллагдаж ажлаа эхлүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн өнгөрөгч даваа гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн /МБОИЗ/ төлөөлөлтэй уулзаж байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид байгаль орчны салбарт тулгамдаж буй олон талт асуудлуудад хамтран ажиллахаар болсон билээ.

Энэ уулзалтын үр дүнд талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр хамтарсан уулзалт хийлээ. Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас үүдэлтэй эвдэгдэж, орхигдсон газарт хийгдсэн нөхөн сэргээлт стандартын дагуу эсэхэд хяналт, шалгалтын ажил зохион байгуулах, хуш модны самар түүх нэрийдлээр байгальд учруулж байгаа хор хохиролд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллахаар ажлаа эхлүүллээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт дээр хамтран ажиллах.

Мөн Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад үүсээд буй одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид дээрх бүсэд дахин шинээр газар олгохгүй байх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх оны буюу 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хууль эрх зүйн орчинд зохицуулалтууд хийгдэж байгааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд танилцуулаад, байгаль орчны тэр дундаа ус, хөрс, агаар, ой, мод зэрэг стратегийн тэргүүлэх ач холбогдол бүхий асуудалд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн бус байгууллага зэрэг талуудын оролцоотой хамтарсан хяналтыг хэрэгжүүлж, байгаль хамгаалалд үр дүн гаргаж ажиллахыг зорьж байна.

Түүнээс гадна уулзалтаар яригдсан асуудлууд ажил хэрэг болж Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дагуух усны сан бүхий газарт баригдсан ариун цэврийн модон байгууламж, /жорлон/ зэргийг буулгаж, тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшээд, хуулийн хугацаанд, зориулалтын дагуу ашиглагдаагүй зарим аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж байгааг мэдэгдлээ.

Мөн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ойн агентлаг, мэргэжлийн судлаачид болон МБОИЗ-ийн төлөөллийн хамтарсан баг Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудад хуш модны самар түүх квот, хэмжээ хэтэрсэн, самар түүх нэрийдлээр байгальд хор хохирол учруулаад буй нөхцөл байдал дээр ажлын хэсэг байгуулан газар дээр нь очиж, хяналт шалгалт явуулж, нөлөөллийн үнэлгээ хийхээр ажиллана.

Байгаль хамгаалал, ногоон хөгжлийн төлөө та бүхний санал үнэтэй, оролцоо чухал билээ. Байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэе. Манай үүд хаалга байгалийн төлөөх зүрх сэтгэлтэй хүн бүрт нээлттэй.

Байгаль нэн тэргүүнд.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсан цагаасаа хойш 12 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч нь энэ нь бусад хуулийг даган өөрчлөгдсөн байдаг.

Өнгөрсөн хугацаанд тус хуулийг шинэчлэн батлуулахаар үе үеийн салбарын удирдлага, аж ахуй нэгж байгууллагууд ажиллаж ирсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын тухай хуулийг ондоо багтаан батлуулах зорилготой байна.

Аялал жуулчлалтай шууд болон шууд бусаар холбогдож буй аж ахуй нэгж, үйлчилгээ үзүүлж буй малчин иргэний асуудал ч тус хуульд хамаарах тул салбарын төлөөлөл идэвхтэй оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар

     
    

 

 

 

БАРУУН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН КОРИДОР НЭЭГДЛЭЭ

Баруун бүсийн босоо тэнхлэгийн Азийн авто замын сүлжээний АН-4, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр CAREC-ийн 4”а” коридоруудтай холбогдох 745.8 км босоо тэнхлэгийн авто зам Монгол Улсын төсөв, БНХАУ-ын зээл, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барьж өнөөдөр ашиглалтад орж байна.

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам

Дэлхийн аялал жуулчлалын өдөр болон Монголын Аялал Жуулчлалын Холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Аялал жуулчлалын салбарын ажилтан, албан хаагчид, хамтран ажилладаг байгууллагууд, гадаад дотоодын түншүүд аялагч, сонирхогч Та бүхэндээ Дэлхийн аялал жуулчлалын өдөр болон аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн хамтын нэгдэл мэргэжлийн холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн мэндийг хүргэж байна.

"Tourism Technology and Innovation” өдөрлөг боллоо

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, МАЖХ, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшил үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Tourism technology and innovation” өдөрлөг Millennium Plaza зочид буудал Millennium Plaza Hotel Mongolia -д болж байна. 

Арга хэмжээг МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нээж үг хэллээ. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар оролцож үг хэллээ. 

“Tourism technology and innovation” өдөрлөг нь аялал жуулчлалын үйлчилгээ технологийг сайжруулах, шинэлэг санаа, инновацыг нэвтрүүлэх талаар туршлага судлах, салбар дундын хамтрагчдын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, салбарын шинэ ололт, тулгарч буй сорилт бэрхшээлийг талаар харилцан мэдээлэл солилцох зорилготой юм. 

Өдөрлөгт салбарын 100 орчим төлөөлөл, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын дэмжигч байгууллагуудын түншлэгч нар оролцож байна. 

Арга хэмжээ өнөөдөр 14:00 цаг хүртэл үргэлжлэх ба дараах илтгэлүүд тавигдана. Үүнд:

  • “Аялал жуулчлалын салбарыг сурталчлах, таниулахад орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах нь” - “Андориан” ХХК-ийн захирал, Дижитал Солюшнс компанийн Амбассадор Ч.Эрдэнэтуяа
  • “Google технологийг аялал жуулчлалд ашиглах нь” - Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий
  • “Аялал жуулчлалын брэнд бий болгож, хэрхэн үр дүнтэй маркетинг хийх вэ?”  - “Брэнд Артэ” компанийн үүсгэн байгуулагч, маркетингийн зөвлөх Б.Мөнгөнсар
  • “Аялал жуулчлалын салбарын инженерийн дэд бүтцийн оновчтой шийдэл, байгальд ээлтэй технологиуд” - “Брэнд Артэ” компанийн Маркетингийн зөвлөх, Технологи хариуцсан захирал С.Ган-Од
  • Mongolian tours.mn технологийн шийдэл - ITRIP ХХК захирал Б.Золбадрах
  • “Аялал жуулчлалын салбарын цахим шилжилт”  - Жойнми Гүйцэтгэх захирал Б.Батбаатар
  • “Хаягдал ус дахин цэвэршүүлэх” - Орон нутаг жуулчны баазуудад нэвтрүүлж буй шинэ технологийн танилцуулга - “Био септик сервис” ХХК-ийн менежер Х.Мөнхжаргал
  • “Монгол улсын аялал жуулчлалын салбарт олон улсын байгууллагын  дэмжлэг, оролцоо, Монгол улс дах аялал жуулчлалын инновацын сорилтууд” – GIZ-н SPACES төслийн Хөгжлийн зөвлөх Маркус Пеш
  • “Манай нутгаар зочлоорой” - Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд зориулсан гарын авлагын танилцуулга - “Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-ын захирал Я.Нарангэрэл, зохиогчдын төлөөлөл

Дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалт”-ыг нэвтрүүлэх ERASMUS+MONGWBL төслийн сургалт 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Erasmus+MONGWBL төсөл нь их, дээд сургуулиудын дадлагын тогтолцоог сайжруулах, үр дүнтэй дагалдан сургалт, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөлд оролцогч талуудын чадавх бэхжүүлэх “Ажлын байранд суурилсан сургалт”-ын чиглүүлэх сургалтыг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Европын сайн туршлагад үндэслэн боловсруулсан “Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг, банк, даатгал, аялал жуулчлалын хөтөлбөр”-ийн ажлын байранд суурилсан сургалтын загварыг их сургуулиудад туршин хэрэгжүүлэх чадварыг уг сургалтаар олгох юм.

Сургалтад их, дээд сургуулийн багш, оюутнууд, ажил олгогч, ажлын байранд суурилсан сургалтын зохицуулагч, чиглүүлэгч, БШУЯ-ны удирдлага, мэргэжилтэн зэрэг нийт 70 орчим төлөөлөл оролцож байна. Сургалтын үр дүнд ажлын байранд суурилсан сургалтын суралцахуйн үр дүн, хэрэгжүүлэх үе шат, давтамж, хяналт үнэлгээ, оюутны үнэлгээ, чанарын баталгаажуулалт, сайжруулалтын талаарх Европын туршлагад суралцана. Энэхүү ажлын байранд суурилсан сургалт нь их, дээд сургуулийг “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл”-ийн цогцолбор болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ